
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМЛЭЭ
Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн уулын ажлын өсөн нэмэгдэж буй ачааллыг үүрэх хүнд даацын өөрөө буулгагч КОМАЦУ маркийн 10 автомашиныг ашиглалтад хүлээн авах ёслол тус үйлдвэр дээр боллоо.
Эрдэнэт үйлдвэрийн хувьд олон жил ашиглаж буй техник, тоног төхөөрөмжүүд нь технологийн хувьд хоцорч, ашиглалтын хугацаа дуусаж байгаа, түүнчлэн уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл улам хүндэрч байгаа энэ цаг үед үйл ажиллагаандаа дэвшилтэт, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа.

Энэ хэрэгцээ шаардлагын үүднээс уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Комацу” фирмийн KOMATSU HD1500-8 маркийн өөрөө буулгагч 10 автомашинаар хүчин чадлаа нэмэгдүүлж байна.
Технологийн дэвшил, бодит хэрэгцээ, шаардлагыг харгасан Комацу HD-1500-8 загварын автосамосвал нь 142 тонны даацтай, уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, операторын тав тух, аюулгүй байдлыг хангасан, эргэн тойрноо бүрэн харах камер болон радартай, тоног төхөөрөмжийн даацын болон техникийн бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий орчин үеийн техник юм.

Ийнхүү хүчин чадлаа нэмэгдүүлснээр уулын цул тээвэрлэх ажлыг илүү үр ашигтай, хэмнэлттэй гүйцэтгэх боломжийг олгож байгаа тул цаашид Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.