
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН БҮРД ӨНӨӨДӨР НОГДОЛ АШИГ ОЛГОНО
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байгаатай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэв.
Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна. Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно гэж хэллээ.
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.