
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН НЭРИЙГ “ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ
“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа.
Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Эрдэнэс критикал минералс” Төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг харгалзан үзэж газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулахаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт орсноор “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн үйл ажиллагааг нэгдсэн стратеги төлөвлөгөө, менежмент, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу төвлөрүүлэн Хуримтлалын санд хуваарилж, үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах замаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдэд тэгш шударга хүртээх боломжийг бий болгоно гэж үзэж байна.