
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ТҮВШИНД УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙСЭН ДҮН БОЛОН СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шинжлэх ухаан, техникийн түвшинд улсын үзлэг хийсэн дүн болон стандартчилал, техникийн зохицуулалтын шинэчлэлийн төлөвлөгөөний талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.03.12/ ГБХНХЯ-нд боллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэгдүгээрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ хэмээн заасан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахад стандарт мөрдүүлэх нь чухал бөгөөд ХАБЭА-н стандартад 2013, 2018 онуудад улсын үзлэг хийгдсэн байдаг.

ХАБЭА-н стандартын улсын үзлэг зохион байгуулж, нэн түрүүнд боловсруулах шаардлагатай стандарт, техникийн зохицуулалтын жагсаалтыг гарган шинэчлэх ажил нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх 2025-2028 оны төлөвлөгөөнд тусгагдсан.
Энэ хүрээнд Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 3 дахь удаагийн улсын үзлэгийг өнгөрөгч сарын 17-21-ний өдрүүдэд явуулж, шинэчлэн сайжруулах төлөвлөгөөг боловсруулаад байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг олон улс, бүс нутаг болон бусад гадаад орнуудын стандартуудтай харьцуулж, шинжлэх ухаан, технологийн дэвшил болон салбарын хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдуулан цаашид үргэлжлүүлэн мөрдөх эсэх, шинэчлэх, шинээр боловсруулах, хууль, стандартын уялдаа холбоог хангаж ажиллах талаар цаашид анхаарах асуудлаар дүгнэлт гаргалаа.

Улсын үзлэгийн дүнд өнөөдрийн байдлаар ХАБЭА-н 156 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба үүний 54 нь ХАБ-ын, 97 нь ХЭА-н, 5 нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт байна. Эдгээрээс нийтэд нь дахин хянах 47, холбогдох заалтуудыг дахин хянах 6, хүчингүй болгох 57, цаашид хэвээр мөрдөх 46 стандарт байгааг улсын үзлэгээр тогтоов.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын цаашдын хүрэх түвшнийг эрх зүйн байдлын хувьд сонгон хэрэглэх 77, техникийн зохицуулалт болгох 22, шинжлэх ухаан, техникийн түвшний хувьд олон улсын 43, үндэсний 39, бүс нутгийн 17 стандарт болгон өөрчлөхөөр байна.
Цаашид “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын оролцоо, дэмжлэг чухал юм.
