
УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны дэд сайд И.А.Касымов тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзан хоёр улсын хайгуул, олборлолтын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтаар узбекистаны талаас ураны хайгуул болон олборлолтын чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулж байгаагаа онцлов. Түүнчлэн сүүлийн үеийн, байгаль орчинд ээлтэй техник, технологи нийлүүлэх, хамтарсан геологийн судалгаа, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.