
МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ЧАНАРЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОВ

“Монгол Улсын агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоог сайжруулах нь 2021-2025” төслийн тайлангийн хурал зохион байгууллаа.
Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Сангийн яам болон БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн 2021 оны долдугаар сарын 9-ний өдрийн хэлэлцээрээр хүчин төгөлдөр болсон энэхүү төсөл энэ онд дуусгавар болж байна.

Тайлангийн хуралд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан, БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газрын дарга Чой Чун Сик болон БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чон Сон Ву нар болон АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэг тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилга байгууламжийг шинэчлэн засварлаж, ОУ-ын стандартын шинжилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулж, салбарын мэргэжилтэн, шинжээчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Мөн бодлогын баримт бичигт тусгах мэргэжил, арга зүйн зөвлөмж боловсруулж, шинжилгээний ажлын гарын авлагыг боловсруулан хэвлэсэн зэрэг олон талт ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Тайлангийн хурлаар оролцогчид энэхүү төсөл нь Монгол Улсад бохирдол багатай, чанартай эрчим хүчний хэрэглээг дэмжих, газрын тосны салбар дахь чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чухал хувь нэмэр оруулсан хэмээн онцоллоо.