
“АЗИЙН УУЛ УУРХАЙН ИННОВАЦИ, ХӨГЖЛИЙН IV ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ФОРУМ”-Д ОРОЛЦОВ

Бээжин хотноо “Азийн Уул уурхайн Инноваци, Хөгжлийн IV дээд хэмжээний форум” 2025 оны 5 дугаар сарын 25-нд зохион байгуулагдлаа.
Энэхүү форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар оролцож үг хэлэв.
Тэрээр хэлэхдээ, Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын түншийн хувьд БНХАУ-тай ашигт малтмал, эрчим хүч зэрэг стратегийн салбаруудад бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой амжилтад хүрснийг онцлов.

Эрээн–Замын-Үүд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Гашуунсухайт–Ганцмодын төмөр зам зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд нь Монгол Улсын ашигт малтмалын хил дамнасан тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, технологи дамжуулалт, мэргэжилтнүүдийн солилцоогоор дамжуулан уул уурхайн салбарын шинэчлэлд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалж, “Ашигт малтмал + Санхүү” гэсэн иж бүрэн шийдлийг хамтын ажиллагааны холбоос болгон, “Бүс ба зам” санаачилгыг стратегийн гүүр болгон ашиглаж, хоёр улсын эрчим хүч, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны шинэ үеийг хамтдаа бүтээхийг уриаллаа.