
МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол-Узбекистаны II бизнес форум өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү форум нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд болж буй чухал арга хэмжээний нэг юм.

Уг форумд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцож хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талуудтай зөвшилцөж, санамж бичигт гарын үсэг зурахаар болов.
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Энэхүү уулзалт нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд холбоог гүнзгийрүүлэх чухал алхам болж байгааг онцоллоо. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байна.

Эдгээр төслүүдийн долоо нь Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүд юм. Тиймээс хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санамж бичиг зурахаар болж, хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарахыг” дурдав.
Уулзалтад, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол-Узбекистаны Найрамдлын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев, Уул уурхай, геологийн сайд Б.Исламов, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын орлогч сайд И.Касимов нарын албаны төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын төгсгөлд, талууд 2024-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр санал нэгдлээ.


