
“АЛТ-3” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
-Тухайлбал, эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ цаг үед гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

-Сүүлийн үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна.
Үүнтэй холбогдуулан доорх шийдвэрүүдийг гаргалаа.
-Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах,
-Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх чиглэлээр Монгол банктай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар судалж, санал боловсруулах,
-Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг барьж байгуулах чиглэлээр урьд өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэхээр боллоо.