
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны албан хаагчид авлигатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газраас хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалт, төрийн нууцын талаар сургалт авлаа.
Тус яам нь авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр, хэлбэрэлтгүй, чанд мөрдүүлэх, тайлбарлан таниулах, сурталчлах, авлигын эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Тунамал-Эрдэнийг урьж “Авлигын эсрэг үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл-сургалтын арга хэмжээг зохион байгууллаа.

Мэдээлэл-сургалтын арга хэмжээ нь оролцогчдын идэвхи-оролцоо,шинэлэг, сонирхолтой арга хэлбэрээр, тулгамдсан, эргэлзээтэй асуудлуудын талаар харилцан ярилцах, тодорхой баримт, жишээнд тулгуурлан мэдээлэл солилцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө-туслалцаа үзүүлэх хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Түүнчлэн уг сургалттай хамтатган “Төрийн болон албаны нууцын тухай хууль”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн ажилтан Н.Сэргэлэнг урьж, төрийн болон албаны нууцыг хамгаалах асуудал, энэ талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгууллаа.

Уг сургалтаар төрийн болон албаны, байгууллагын нууцын тухай ойлголт, тэдгээр нууцад хамаарах мэдээлэл, танилцах эрх бүхий ажилтан, иргэний эрх үүрэг, нууцын хэрэг баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл өглөө.
