
АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг ярилцаж холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын хэмжээнд тэсрэх бодис, түүний үндсэн түүхий эд, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах 125 тусгай зөвшөөрөлтэй 104 аж ахуйн нэгжээс 45 импортлох, 29 үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.

Импортын тусгай зөвшөөрөл эзэмшигч жилдээ ойролцоогоор 200 мянган тонн тэсрэх бодисын түүхий эдийг БНХАУ, ОХУ-аас импортолдог бөгөөд жилд 120 орчим мянган тонн энгийн болон эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэн Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн Овоо, Шивээ Овоо, Багануур болон бусад уурхайнуудыг хангадаг байна.
Мөн уул уурхайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай натрийн цианид болон бусад 16 нэр төрлийн химийн бодис, урвалж, зарим төрлийн тэсрэх материалыг БНХАУ-аас импортлон үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хурлаар болзошгүй эрсдлээс сэргийлэх, уулын үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллахааг хангах зорилгоор импортлогч аж ахуйн нэгж болон уурхайнуудад 6 сараас доошгүй нөөцийг бүрдүүлж ажиллах, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүний түүхий эдийн тээвэрлэлтэд онцгойлон анхаарч, тээвэрлэлтийн хугацааг багасгах, өртөөнүүдэд татан авалтыг шуурхай зохион байгуулах, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүний үндсэн түүхий эдийн тээвэрлэлтэд Улс хоорондын хилийн зурвасыг дамжин өнгөрөхөд шаардагдах бичиг баримтыг хөнгөвчлөх, холбогдох зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагад уламжилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдүүлэхээр тогтлоо.