
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ЦАЙРТМИНЕРАЛ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цайрт минерал” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баярыг хүргэж, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь онцлон талархал илэрхийлэв.

Талууд Монгол, Хятадын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон уг төслийн туршлагыг үнэлээд, цаашид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх зэс хайлуулах төсөлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Мөн Хятадын уул уурхайн салбарын туршлагаас судалж, хөрөнгө оруулалтыг татах боломжтой талаар ярилцав.

“Цайрт минерал” компанийн төлөөлөгчид үйл ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улсад 20 жил тогтвортой хэрэгжүүлсэн тус төсөлд Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны бодлогын дэмжлэг чухал нөлөө үзүүлснийг дурдав. Түүнчлэн тус компани нь Хятадад зэс хайлуулах чиглэлээр тэргүүлэх үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
