
ХЯТАДЫН “ZERO CARBON ENGINE TECHNOLOGY GROUP” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Хятадын “Zero Carbon Engine Technology Group” компанийн төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын эхэнд төлөөлөгчид компанийн талаар товч танилцуулав. БНХАУ-ын Хоулин гол хот нь нүүрсний арвин баялаг нөөцтэй бөгөөд үүнд тулгуурлан аж үйлдвэрийн сүлжээг хөгжүүлэн нүүрсний цахилгаан эрчим хүч, хөнгөн цагааны хайлш, хөнгөн цагааны дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүд дагалдан хөгжсөнийг тэмдэглээд Монгол Улсын Сүхбаатар аймагт энэхүү аж үйлдвэрийн цогцолборыг жишиг болгон байгуулах төслийг танилцуулав.


Нүүрстөрөгчгүй аж үйлдвэрийн паркийн төсөл нь 3.5 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд сэргээгдэх эрчим хүчний станц, эрчим хүч хадгалалтын систем, хөнгөн цагааны үйлдвэрийг эрчим хүчээр хангах дулааны цахилгаан станц зэргээс бүрдэх юм.


Сайд Г.Дамдинням аж үйлдвэрийн парк байгуулах асуудал нь Монгол Улсын хувьд нэн шаардлагатай, цаг хугацаа, технологи, хүч хөрөнгө оруулалт шаардсан томоохон ажил гэдгийг онцлоод төслийг хэрэгжүүлэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

