
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРҮТАЙ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан болон эрхэм дээд Хатан нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсныг онцлон дурдав.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ ашигт малтмалын салбар, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийн чиглэлд Монгол, Японы хамтын ажиллагаа өргөжих бүрэн боломжтойг хэлж, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулагдах Зэс хайлуулах үйлдвэр болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн сонгон шалгаруулалтад Японы компаниуд оролцоно гэсэн хүлээлттэй буйгаа илэрхийлэв.

Мөн Монголын Үндэсний Геологийн алба болон Японы Геологийн албаны хамтын ажиллагааны саналыг 2024 онд тавьсан бөгөөд уг чиглэлд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа гэв.
Элчин сайд Игавахара Масарү уулзалтын үеэр Японы гурван компани Дорноговь, Хэнтий, Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж буйг онцлоод, Монгол Улс олборлогч орноос боловсруулах үйлдвэрлэл давамгайлсан улс болох зорилт тавин ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр энэ зорилтыг дэмжиж, бүх талаар хамтран ажиллахаа мэдэгдэв.

Мөн ирэх нэгдүгээр сард Токио хотноо болох Япон–Монголын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтад сайд Г.Дамдиннямыг оролцохыг урилаа.