
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ШАНЬДУН МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сайд Г.Дамдинням Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нь улсын төсвийн орлогын 38 хувь, нийт бүтээгдэхүүний 76 хувийг бүрдүүлдэг бөгөөд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, металлурги, газрын тос болон үйлдвэржилтийн бодлогыг хамран хариуцдагийг онцлов.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж буйг дурдав. Энэ хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг түргэвчлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой байгааг онцоллоо.

Сайд Г.Дамдинням цаашид Монгол–Хятадын аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлж, ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд Хятадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урилаа.

