
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөл бүхий “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гурван гишүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ТУЗ-ийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Сайд Г.Дамдинням газрын хэвлийн баялгаа ашиглуулах хамгийн том төсөлд Монголын бүх ард түмнийг төлөөлж ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдийг хаалттай, олон нийтэд нээлттэй биш, зохион байгуулалт муутай, хангалтгүй ажиллаж байгааг дурдаад Засгийн газарт өөрсдийн үйл ажиллагааны албан ёсны тайлангаа хүргүүлэх, мэдээллээ нэгтгэн хамтарч ажиллах зохицуулалт бий болгох саналаа боловсруулж ирж танилцуулах үүрэг өглөө.

Мөн Монголын тал дотооддоо нэг баг болж уялдаа холбоотой ажиллах шаардлагатай бөгөөд ТУЗ болон Засгийн газрын хоорондын харилцаа, мэдээллийн урсгалыг сайжруулахын ач холбогдлыг онцлов.
