
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАЛУУД САНАЛ СОЛИЛЦОВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны яамны Зүүн хойд азийн хөгжлийн түншлэлийн хэлтсийн тэргүүн Сумит Кумар Синг болон Экспорт-Импорт банкны удирдлагууд болон Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Төслийг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахаар Энэтхэг улсаас Дорноговь аймагт 3000 гаруй инженер техникийн мэргэжилтнүүд шуурхай ажиллаж, стратегийн ач холбогдол бүхий төсөлд хувь нэмрээ оруулж буйд талархаж байгаа гэдгээ ТНБД Б.Дашпүрэв илэрхийлэв.

Мөн төслийг богино хугацаанд чанартай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад тал бүрдээ анхаарч байгаагаа мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд, газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж Монгол улс дотооддоо газрын тосоо боловсруулах тэр мөч Монгол Энэтхэг хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах түүхэн мөч болно гэдэгт итгэж байгаагаа Энэтхэг улсын Гадаад харилцааны яамны Зүүн хойд азийн хөгжлийн түншлэлийн хэлтсийн тэргүүн Сумит Кумар Синг илэрхийлэв.
