
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН СЕЙМИЙН ГИШҮҮН, ПАРЛАМЕНТ ДАХЬ ПОЛЬШ-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА СТАНИСЛАВ ГОРЧЫЦА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНПУ-ын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын Парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн Парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Оюундарь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцов.
Сайд Г.Дамдинням Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулав.

Талууд хоёр улсын геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны боломж болон польшийн геологи, уул уурхайн арвин баялаг туршлага, уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн талаар санал солилцов. КГХМ нь Польшийн уул уурхайн томоохон компани бөгөөд Канад, Конгод үйл ажиллагаа явуулдаг байна.
Польшийн талаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхийн нийтийн анхааралд байгаа чухал ашигт малтмал, газрын ховор элемент, зэс, нүүрс, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.