УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ОЛОН НИЙТЭД ЗӨВ ОЙЛГУУЛАХ, НИЙГМИЙН ОРОЛЦООГ ХАНГАХАД АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОДЛОГЫН ТҮВШИНД АНХААРНА

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 23 дугаар хурал өнөөдөр боллоо. Уг зөвлөлийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням даргалдаг бөгөөд түүнийг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Дашпүрэв удирдан явууллаа.
Хуралдаанаар Монгол Улсын арванесдүгээр тайлан буюу 2024 оны нэгтгэлийн тайлан болон Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2025 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны ажлын төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Энэ үеэр төрийн өмчит компаниуд нэг үеэ бодвол мэдээллээ ил тод нээлттэй өгдөг болсон ч хангалттай түвшинд биш болохыг зөвлөлийн гишүүд болон тайланд дурдсан юм. Цаашид мэдээллийг ил тод болгох, эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайн салбарын талаарх олон нийтэд зөв ойлголт өгөх, нийгмийн оролцоог хангах зэрэгт салбарын яам бодлогын түвшинд анхаарч ажиллана гэдгийг тодотгов.

Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ “Бид бүхэн уул уурхайн компаниудын ил тод нээлттэй байдлыг бий болгох, авлигаас ангид байх өөрсдийн дүрэм журамтай байх, энэ асуудлыг олон нийтэд ил тод нээлттэй хүргэхэд анхаарах шаардлагатай байна. Эдгээр нь асар их дутагдалтай байгаа. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс бодлогоор дэмжин шахаж ажиллаж байна. Ялангуяа бид бүхэн салбараа ойлгуулах тухайд асар их дутагдалтай. Тиймээс нийгэмд өөрсдийгөө ойлгуулах зөөлөн менежментийн арга хэрэгсэл хэрэгтэй байна. Нийгэм рүү чиглэсэн том төслүүдийг шийдвэрлэх байдлаар ажлаа төлөвлөе. Төсөвгүй гэх шалтгаанаар асуудалд хандахгүй гэж ойлгож байна. Бидэнд үйл ажиллагаагаа явуулах төсөв хангалттай бий. Бид нийгмийн оролцоог хангахад чиглэлд компаниудын дэмжлэгтэйгээр бодлогын удирдамжаар хангаж, итгэл үнэмшлийг нь бий болгоно. Бүх нийтийн оролцоог чухлаар хангах, эрдэс баялгийн яамны ил тод байдлыг хангах тал дээр уриалга гаргаж хэрэгжүүлж явна” гэсэн юм.






