БНСУ-ЫН KOICA БОЛОН ХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

АҮЭБЯ-ны харьяа Ашигт малтмал, газрын тосны газар БНСУ-тай хамтран 2025-2027 онд “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийн дулаан хангамжийн тодорхой хувийг шатдаг хийн түлшээр шийдвэрлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан хийгдсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэх хугацаанд шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах, эрх зүйн орчныг сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх, инженер, техникийн ажилчдыг чадавхжуулах, иргэдэд аюулгүй ажиллагааны талаар сурталчлан таниулах, зааварчлах ажлууд хийгдэх юм.

Сайд Г.Дамдинням БНСУ-тай шатдаг хийн чиглэлээр шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаад талархал илэрхийлээд, эн тэргүүнд аюулгүй ажиллагааг хангаж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглээд, өндөр технологи, аюулгүй ажиллагааны эрх зүйн орчин сайн хөгжсөн солонгосын туршлагаас хуваалцаж хамтран хэрэгжүүлэхэд салбар яамны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсад шатахууны импортын зөвшөөрөлтэй 160 гаруй аж ахуйн нэгж, үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 20 орчим компани, улс орны хэмжээнд 1800 орчим ШТС, Улаанбаатар хотод 280 гаруй ШТС байгааг дурдаад, Монгол Улсад шатах тослох материал, шатахууны хяналт, удирдлагын нэгдсэн систем өнөөг хүртэл байхгүй, энэ чиглэлээр цаашид БНСУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
2025.12.09

