“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН АВЛИГЫН ЭСРЭГ МАНЛАЙЛАЛ, ШУДАРГА БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМЛАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас санаачилж, Авлигатай тэмцэх газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Эрдэс баялгийн салбарын авлигын эсрэг манлайлал, шударга байдлын төлөө амлалт” арга хэмжээг өнөөдөр (2025.12.08) зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн, авлигын эрсдэлийг бууруулж, ил тод, хариуцлагатай уул уурхайн засаглалыг бэхжүүлэх хамтын амлалтаа баталгаажуулан, гарын үсэг зурж нэгдлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ:
“Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарынхан бид нэг зорилго, нэг хүсэл эрмэлзэлтэйгээр авилгаас ангид байж, шударга байдлыг төлөвшүүлэх амлалтаа ил тод, нээлттэй өгч, бусдыгаа ч энэ үйл хэрэгт уриалан дуудах нь нэн чухал юм.
Манай салбарын хэмжээнд энэхүү үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, авилгаас ангид байх соёлыг түгээн төлөвшүүлэх, хууль, дүрэм журмаа шинэчлэн сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Бид өөрсдөө зарчимч, итгэлтэй байж, шударга байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргах учиртай. Эцэст нь хэлэхэд, авилга гэдэг бол өөртөө итгэлгүй хүний үйлдэл юм” гэлээ.
НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао оролцож хэлсэн үгэндээ:
“Авлигатай тэмцэнэ гэдэг нь шударга ёс, тэгш байдлыг бэхжүүлж, хүртээмжтэй хөгжлийг хангах үндэс суурь болохыг энэ өдөр бидэнд сануулж байна. Бид түншүүдийнхээ идэвхтэй оролцоог ялангуяа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны манлайлал, хариуцлагатай оролцоог харахад таатай байна. НҮБХХ- ийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх: Интегра санаачилга” төслийн шинэлэг санаачилга, сайн туршлагууд энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам нь салбарын шударга ёсыг төлөвшүүлэх бодлогын хүрээнд НҮБХХ-тай хамтран “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх: Интегра санаачилга” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд:
• Орон нутгийн гэрээнд гурван талт зөвлөлийн механизмыг нэвтрүүлэх,
• Хүний эрхийг хангах стандарт, хяналтыг сайжруулах,
• Мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гаргалтыг ил тод, шударга болгох,
• Мэдээллийн хүртээмжийг сайжруулж, сэтгүүл зүйн оролцоог нэмэгдүүлэх зэрэг 12 төсөлд тэтгэлэг олгон олон талт оролцоог ханган ажиллаж байна.
Салбарын засаглал, ил тод байдал, үр ашигтай нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх үйл хэрэгт бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд цаашид энэ чиглэлд тууштай анхаарч, хамтарч ажиллахаар боллоо.











