ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлэг өнөөдөр /2026.01.15/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар байгуулсан. Улмаар Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тус Ажлын хэсгийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/193 дугаар тушаалаар шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хэлэлцүүлгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нээж үг хэлсэн бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид оролцон санал, байр сууриа солилцлоо. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль нь 2005 оноос хэрэгжиж ирсэн боловч шатахууны хангамжийн тасалдал, хомсдолд урьдчилан сэргийлэх, үе шаттайгаар хариу арга хэмжээ авах цогц эрх зүйн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй хэвээр байна. Үүний улмаас зохицуулалтын давхардал, хийдэл, нэр томьёоны тодорхойгүй байдал, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сулрах зэрэг асуудлууд үүссээр ирсэн.
Мөн шатахууны импорт, нөөц бүрдүүлэлт, хадгалалт, борлуулалтын талаарх мэдээллийн ил тод байдал хангалтгүй, төвлөрсөн цахим хяналтын тогтолцоо бүрэн хэрэгжээгүй, чанар, стандартын зөрчлөөс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд сөрөг нөлөө учрах эрсдэл бодитоор гарч байгаа нь хуулийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Иймд хуулийн төслөөр:
- хуулийн зорилго, нэр томьёо, газрын тосны бүтээгдэхүүний ангиллыг нэг мөр болгох,
- шатахууны хангамжийн эрсдэлийг тодорхойлох,
- улсын болон компанийн нөөцийн зохицуулалтыг боловсронгуй болгох,
- чанар, стандарт, лабораторийн хяналтыг сайжруулах,
- төвлөрсөн цахим хяналтын тогтолцоог хуульчлах,
- институцийн болон тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг уялдуулах
суурь шинэчлэлийг хийхийг зорьж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг нь хуулийн төслийн үзэл баримтлалыг бодит нөхцөлд тулгуурлан боловсруулах, салбарын оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусгах чухал ач холбогдолтой боллоо.
Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль 2005 онд батлагдсанаас хойш тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд орсон ч өнөөгийн нөхцөлд компанийн болон улсын нөөцийг тодорхой болгох, нөөц бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, төрийн байгууллага болон импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мөн бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлага байгааг онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид шатахууны хангамжийн тасалдал, хомсдолоос урьдчилан сэргийлэх цогц эрх зүйн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, зохицуулалтын давхардал, хийдэл, нэр томьёоны тодорхойгүй байдал, байгууллагуудын уялдаа холбоо сул зэрэг асуудал байсаар байгааг тэмдэглэж, хуулийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн төслийн үзэл баримтлалыг бодит нөхцөлд тулгуурлан боловсруулж, салбарын оролцогч талуудын санал, дүгнэлтийг тусгах чухал үе шат боллоо.


