АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СТИВЕН ДАУСТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням ноён Стивен Даустыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсэв. Энэ үеэр Монгол, Канад хоёр улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн 2026 оны 3-р сарын 1-4-ний өдрүүдэд Канадын Торонто хотноо зохион байгуулагдах олон улсын уул уурхайн “PDAC-2026” арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувиар оролцох, Канадын төрийн болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компани, байгууллагуудын удирдлагуудтай тусгайлан уулзалтууд хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Стивен Дауст Канадын Засгийн газраас бусад улстай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах бодлого, стратегийн талаар товч танилцуулаад Монгол Улстай эрдэс баялгийн салбарт, тэр дундаа чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн. Сайд Г.Дамдинням хоёр улсын эрдэс баялгийн хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх, ялангуяа хоёр орны Геологийн алба хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, геологийн судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, геологийн лаборатори байгуулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулиудын оюутнууд болон канадын уул уурхайн компаниудын хооронд харилцан мэдлэг, мэдээлэл солилцож хамтран ажиллахыг хүсэв. Талууд геологийн чиглэлээр судалгаа хийх, лаборатори байгуулах, мэргэжилтэн солилцох, богино хугацаанд сургахаар тохиролцов.
2026.01.22