УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНГИЙН ШИНЭЧИЛСЭН ЗААВАРТАЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Уулын ажлын тайлан, төлөвлөгөө болон бусад холбогдох зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг ААН-д хүндрэл учруулахгүй, хавар ажлаа эхлэхэд нь нь саадгүй байх үүднээс байгууллагуудад зөвлөн туслах байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлэн, “Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн маягтуудыг бөглөхөд анхаарах зүйлс” сэдэвт сургалт болон зааврыг шинэчлэн батлуулахтай холбоотой санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт боллоо. Уг хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуй нэгжүүд оролцож буй бөгөөд энэ үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тус салбарт хэрэгжүүлж буй бодлого болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарынхан бид олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх чин эрмэлзлийн хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг хэлбэр нь өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд салбарын мэдээлэл хүргэж, тодорхой асуудлыг хамтран хэлэлцүүлж буй энэхүү арга хэмжээ билээ.
Манай яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хийсэн геологи, уул уурхайн салбарын харилцааг зохицуулж буй 10 голлох хуульд дүн шинжилгээ хийсэн.
Шинжилгээгээр 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийт 153 өөрчлөлт, 111 удаагийн нэмэлт, хүчингүй болсон 29 зүйл заалт байгаа бөгөөд үүний үр дүнд нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг тогтоосон. Бидэнд эрх зүйн орчны гажуудлыг залруулах зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дээр дурдсан хууль, эрхзүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Та бүхэнд энэхүү олон төрлийн эрхзүйн шинэчлэлийн түүчээ болгон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс товч дурдая. Бид дараах өөрчлөлтийг тус хуульд оруулахыг зорьж байна. Үүнд: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгон. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ. Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна.
Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.
АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлтүүд тусгасан” гэлээ.






