PDAC-2026: “МОНГОЛЫН ӨДӨР ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Канад Улсын Торонто хотноо болж буй PDAC-2026 олон улсын чуулга уулзалтын хүрээнд АҮЭБЯ, МУУҮА, Канад Монголын худалдааны танхим хамтран Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, стратегийн төслүүдийг сурталчлах “Mongolia Day 2026” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг Монголын уул уурхайн ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нар нээж үг хэлсэн бол АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үндсэн илтгэл танилцуулав.
Мөн “Азийн Батерей Металс” ХК, “Эрдэнэ Монгол” ХХК, “Эрдэнэ Ресурс девелопмент” ХК-аас Монгол дахь төслүүд, хайгуул болон төслийн хөгжүүлэлтийн явц, стратегийн зорилтуудаа танилцууллаа.
“Mongolia Day 2026” арга хэмжээний дараагийн хэсэгт “Яагаад Монголд хөрөнгө оруулах вэ? Уул уурхайн хөрөнгө оруулалтын найдвартай, хариуцлагатай, түнш” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол, Канадын төр, хувийн хэвшил, геологийн салбарын төлөөлөгчид оролцон Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Тус арга хэмжээг зохион байгуулахад “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Азийн Батерей Металс” ХК зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажиллав.
2026.03.01













