АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ТЕК” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдаж буй PDAC 2026 чуулганы үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уул уурхайн салбарын олон улсын нэр хүндтэй “TEK” компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улс зэсийн арвин нөөцөд тулгуурлан бүс нутгийн болон дэлхийн зах зээлд стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэгч болох бүрэн боломжтойг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болж, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцийн хувьд олон улсын түвшинд хүрснийг дурдлаа.
Мөн зэсийн нөөцдөө тулгуурлан дотооддоо нэмүү өртөг шингээх, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах, цаашлаад ган болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг танилцуулсан юм.
Түүнчлэн хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх, ESG олон улсын стандартыг мөрдөх бодлогыг чухалчилж буйгаа илэрхийлж, энэ чиглэлд “TEK” компанийн туршлага, дэвшилтэт технологид тулгуурлан хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой талаар санал солилцов.