АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн хоёрдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааныг сайд Г.Дамдинням даргалж, салбар яамны бодлогын газрын төлөөлөл, харьяа агентлагууд болон “Эрдэнэс Монгол” зэрэг холбогдох газрын төлөөлөл оролцлоо.
2026 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хурлын зааланд зохион байгуулж буй энэхүү хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн билээ.

• Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болон сонгон шалгаруулалтын журмын нэмэлт өөрчлөлтийн талаарх танилцуулгын эцсийн хувилбар
• Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийн талаарх танилцуулга
• Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор агуулах сав барих, өргөтгөх санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоход шаардлагатай эрхзүйн баримт бичиг боловсруулах, шалгуур үзүүлэлтийг тогтоох бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулах
• Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн хяналтын нэгдсэн систем бий болгох тухай тус тус танилцуулгыг сонсож асуулт, хариулт авлаа. Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор агуулах сав барих, өргөтгөх санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоход шаардлагатай эрхзүйн баримт бичиг боловсруулах, шалгуур үзүүлэлтийг тогтоох бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай танилцуулсан. Түүний мэдээлснээр, шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож шатахууны агуулах барих асуудлаар Монголбанк болон арилжааны банкны төлөөллүүдтэй уулзжээ. Хэрэвзээ шатахууны агуулах барих ажлыг яаралтай эхлүүлэхээр болбол арилжааны банкнууд цаг алдахгүй шуурхай бөгөөд Монголбанкны репо санхүүжилтээр олгох зээлийн тухайд гуравдугаар сард Мөнгөний бодлогын хорооны хурлаас шалтгаалах аж. Монголбанкны репо санхүүжилтээр олгох зээлийн хүү дунджаар 17.5 хувийн хүүтэй байх бөгөөд 9 хувийн хүүгийн төлбөрийг салбарын яам хариуцах тухай мөн яриандаа дурдсан юм.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах үүрэг чиглэлийг өглөө.
• АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай болон АМГТГ-ын дарга П.Баянбаатарт шатахууны агуулах сав барих ажлын явц үр дүнгийн талаар тухай бүр танилцуулах,
• Монгол Улсын хэрэгцээний шатахууны нөөцийг ОХУ-ын хил орчмын бүс орчимд хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар санал солилцож хоёр талаас хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү ажлын явц үр дүн ямар байгаа талаарх мэдээлэлтэй холбогдуулан дэд сайд Б.Энхтүвшинг ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокинтай Гадаад харилцааны яамаар дамжуулан утсаар ярих,
• Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг АҮЭБЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Алтансүхэд тус бүр үүрэг болголоо.







