ЭДИЙН ЗАСАГ БОГИНО ХУГАЦААНД ТЭЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өнөөдөр Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат болох анхны тэсэлгээ хийх командыг өгснөөр энэ өдөр Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 100 жилийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэж байна.
Далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн ёслолын ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, нийт уурхайчдад хандан үг хэлсэн.
Дэлхийн хэмжээний зэс, алтны ордын нэгд тооцогдох Оюу толгой ордын нийт нөөцийн 80 гаруй хувийг агуулж буй далд уурхайн бүтээн байгуулалтын ажлууд үндсэндээ дуусч, блокчилон олборлолт хийх ажлууд ийнхүү эхэлж байна.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Оюу толгой компани Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг дангаар үйлдвэрлэх боломжтой болох юм. Ингэснээр цар тахлын үеийн агшсан эдийн засаг тэлэх, сэргэх, Монгол Улс өмнөө тавьсан томоохон зорилгуудаа хэрэгжүүлэх эдийн засгийн чадамж бүрдэх юм.