Б.ЛАЙХАНСҮРЭН, С.ЦЭДЭНДОРЖ НАРЫГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР, Ж.НАМСРАЙ, Т.ШОФЁР НАРЫГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР ШАГНАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар зарлигаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор Батсуурийн Лайхансүрэн, Содномын Цэдэндорж нарт Монгол Улсын Гавьяат багш цол, мөн зарлигаар Жамъяаны Намсрай, Монгол Улсын зөвлөх инженер Тогтвойн Шофёр нарт Монгол Улсын Гавьяат уурхайчин цол хүртээлээ.
Цол, тэмдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр /2022.01.31/ гардуулж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ Төрдөө үнэлүүлсэнд нь баяр хүргэж, амжилт хүслээ.
Сайд Г.Ёндон уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтдэд хандан салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд онцгойлон анхаарч, үр бүтээлтэй ажиллан эрдэм шинжилгээний олон бүтээл туурвиж, монголын инженер-технологийн эрдэм мэдлэгийн санг арвижуулсанд талархаж буйгаа илэрхийлээд цаашид он удаан жил эрдэм мэдлэг, дадлага туршлагаа залуу хойч үедээ үлгэрлэн түүчээлж байхын ерөөл өргөв.
Монгол Улсын Гавьяат багш Батсуурийн Лайхансүрэн нь 1948 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт төрж, 1972 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн техникийн их сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологи инженерийн мэргэжлээр дүүргэсэн ба 1976-1979 онд мөн сургуулийн аспирантурт суралцан техникийн ухааны докторын зэрэг, 2001 онд Монголын ШУА-ийн Техник технологийн бага чуулганы дэргэдэх эрдмийн зөвлөлд шинжлэх ухааны докторын зэрэг, 2002 онд ШУТИС-ийн профессор, 2006 онд хүндэт профессор цол, 2008 онд Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртэж байжээ.
Монгол Улсын Гавьяат багш Содномын Цэдэндорж нь 1951 оны 3 дугаар сарын 21-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Цагаанчулуутад төрж, 1970-1975 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр суралцаж төгсчээ. 1975 оноос ШУТИС-д багшаар томилогдон ажиллаж, 1990 оноос тус сургуулийн Уул уурхайн тэнхимийн эрхлэгч, 2002 оноос Уурхайн технологийн тэргүүлэх профессор, 2014 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор нийт 44 жил, 2004 оноос тус сургуулийн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаа ба 2008 онд Монгол Улсын зөвлөх инженер цол хүртжээ.
Монгол Улсын Гавьяат уурхайчин Жамяаны Намсрай нь 1943 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1959-1963 онд Политехникумд суралцаж төгсөөд 1963 онд тухайн үеийн Аж үйлдвэрийн Яамны сайд П.Дамдины шийдвэрээр Налайхын уурхайд хуваарилагдан ажил амьдралын гараагаа эхэлж, малтагчаас мастер, хэсгийн инженер зэрэг ажлыг хийж байжээ. Тэрбээр 1976 оноос Түлш эрчим хүч, геологи уул уурхайн яамны шийдвэрээр “Нүүрсний үйлдвэрийн нэгдэл”-д ажиллаж, нүүрсний уурхайнуудыг барьж байгуулах, 18 аймгийн дулааны станц, хөнгөн, хүнсний үйлдвэрүүд, ЖДҮ-үүд, аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрхийн уурын зуухыг илчлэг нүүрсээр хангах зорилго бүхий “Шуурхай зохицуулалтын албан”-д салбар хоорондын уялдаа холбоог хангах, орон нутгийн үйлдвэр аж ахуйн газрыг дулаан, цахилгаан, эрчим хүчээр хангах ажлыг хариуцан дэд дарга, даргын албыг хашиж байв.
Монгол Улсын Гавьяат уурхайчин Тогтвойн Шофёр нь 1962 онд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур суманд төрсөн. 1985 онд ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын ангийг дүүргэж, Шарын голын уурхайгаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2005 онд мэргэшсэн инженер, 2015 онд Монгол Улсын зөвлөх инженер цол хүртжээ. Тэрээр Шарын гол хувьцаат компанид тасралтгүй 37 дахь жилдээ ажиллаж байгаа ба эскваторын туслах машинч, ээлжийн мастер, тоосжилт ба технологийн инженер, Овоолго, Хөрс, Нүүрсний хэсгийн дарга, Уулын нэгдсэн хэсгийн дарга, Үйлдвэр эрхэлсэн захирал, Уулын үйлдвэрийн менежер, ХАБ-ын хэлтсийн даргаар ажиллаж, нүүрс олборлолт, хөрс хуулалтын төлөвлөгөөт зорилтуудыг биелүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажил болон өвлийн их ачааллыг даван туулахад хамт олныг удирдан зохион байгуулж ажиллаж байв. Тэрбээр одоо тус компанид зөвлөх инженерээр ажиллаж байна.