ЭМГЭНЭЛ
ДАМДИНЖАВЫН САХЪЯА
(1944-2022)
Төвийн геологийн экспедицийн ууган ажилтан, Барилгын материалын ангийн ахлах инженер, давсны ангийн ерөнхий геологич Дамдинжав овогтой Сахъяа нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч, геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Сахъяа нь 1944 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг Уртын хурууны Нурамтын өвөлжөөнд малчин ард Дамдинжавын хүү болон төрж, 1964 онд Говь-Алтай аймгийн дунд сургуулийг дүүргэн, улмаар Монгол Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны факультетын Геологийн ангид суралцаж эрэл–зураглалын геологич инженер мэргэжлээр 1969 онд төгссөн ба хожим нь магистрын зэрэг хамгаалжээ.
Ажлын гараагаа Улаанбаатарын геологийн удирдах газрын барилгын материалын ангид дагалдан инженерээр эхэлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Баянголын төмрийн хүдрийн ордод хайгуулын ажил, 1970-1974 он хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт мөнгөн ус, цагаан тугалга, гянтболдын шороон ордын эрлийн ажил, 1974 оноос барилгын төрөл бүрийн материал, чулуун давс болон нуурын хоолны давс, мөсөн шүү, соодны эрэл хайгуулын ажил, алтны үндсэн болон шороон ордын эрэл хайгуул, 1:50000 масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажил, Увс аймгийн Давст сумын нутагт орших Шүдэн уулын чулуун давсны (жамц давс) ордод судалгаа, нуурын давсны судалгааны ажил зэрэгт оролцож хоолны давсны 3 орд, мөсөн шүүний 10 орд, 7 илрэл, соодны 1 орд, холимог давсны (хоолны давс-мөсөн шүүний, хоолны давс-мөсөн шүү-магний давсны, мөсөн шүү- карбонат-бикарбонат давсны) 10 гаруй орд илрэлд эрэл хайгуулын ажил хийж нөөцийг тогтоон, амьдралынхаа 40 гаруй жилийг геологийн салбарт зориулсан эрхэм хүмүүн байлаа.
Геологийн судалгааны төвийн гүйцэтгэсэн Замын үүд-50, Буянт-50, Янгирт улаан-50 төслийн хүрээнд 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд эрэл хариуцсан ахлах геологичоор ажиллаж, олон тооны зэс, алт, төмөр, нүүрс, барилгын материалын илрэлүүдийг шинээр илрүүлж, шинж чанарын болон нөөц баялгийн урьдчилсан үнэлгээ өгч, хэтийн төлөвийг тогтоож байжээ. Энэ хугацаандаа нөөцийн тооцоо бүхий 50 гаруй тайлан бичиж хамгаалсан бөгөөд тэдгээр нь одоо Улсын геологийн фондод хадгалагдаж уншигч олны хүртээл, гарын авлага болсоор байна.
Түүний геологийн салбарт оруулсан хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Тэргүүний геологич, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медаль, V, VI, VII таван жилийн гавшгайч, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, геологийн салбарын 70, 80 жилийн ойн медаль, Уул уурхайн 90, 95 жилийн ойн медаль, Геологи уул уурхайн ахмадын холбооны “Ахмад алдарт геологич” зэрэг одон медалиар шагнаж байжээ.
Д.Сахъяа нь Монголын геологийн салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, өөрийн мэргэжил, мэдлэг туршлага, авьяас чадвараараа төр засгаас даалгасан ажлын хүнд ачааг нуруундаа үүрч, салбарынхаа төлөө зүтгэсээр өөрийн биеийг элээлээ.
Ахмад, ирээдүй үеийн хооронд ямагт гүүр болж явсан эрхэм хүмүүнийг бид үеийн үед үүрд дурсан санах болно.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ,
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА,
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР