ЭМГЭНЭЛ
ГАНЖУУРЫН ЭЭНЖИН
(1946-2022)
Геологи-эрдэс судлалын ухааны доктор, геологич Ганжуурын Ээнжин нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж, геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Алаг адуу овогт Ганжуурын Ээнжин нь 1946 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сонгино сумын Айраг бригадын Салхитын бор толгой гэдэг газар Г.Шомбонгийн 6 дахь хүү болж төрсөн ч багаасаа өнчирч, нутгийн ард Д.Ганжуурынд өргөгдөн өссөн байна.
Г.Ээнжин нь 1965 онд Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургууль, 1970 онд МУИС-ийг геологич инженер, 1983 онд МЛИС-ийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 1990 онд ОХУ-ын ШУА-ийн Москва хотын Геологийн хүрээлэнд геотектоникоор мэргэшин геологи-эрдэс судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн байгууллагад 42 жил ажиллажээ.
Монголын геологийн салбарын алтан үеийнхний нэг эрдэмтэн Г.Ээнжин нь 1970-1980 онд ШУА-ийн геологийн хүрээлэнд, 1981-1984 онд Геологи уул уурхайн үйлдвэр шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1984-1990 онд Мөрөнгийн зураглалын экспедицид Монгол-Оросын хамтарсан агаар сансарын бүлэгчилсэн 1:200000-ны зураглалын Богдын ангийн ерөнхий геологич, Цагаан уулын 1:50000-ны ГЗЕЭА-ын эрлийн ахлах геологчоор, 1990 оноос ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллажээ. Улмаар Г.Ээнжин Монгол-Оросын ШУА-ийн Геологийн хамтарсан экспедицийн Монголын талын удирдагчаар Төв Азийн чулуулаг бүрхэвч, маагмын найрлагын гарал үүслийн судалгааг изотоп, геохими, геодинамикийн шинжилгээг сүүлийн 10 гаруй жилийн турш хийжээ. Тэрээр эдгээр ажлын зэрэгцээгээр 1993 оноос “Эр-ши-жу“, ”Эрдэс холдинг”, “Аза интернэйшнл”, “Одод”, “Металлимпекс” ХХК-иудад зөвлөх, 1997 онд Канад улсын эрдэс-химийн ”Каскади“ компанид ахлах геологчоор ажиллаж, 2005 оноос “Сийлгүм” ХХК-ийг үүсгэн байгуулж, аялал жуулчлал, гадаад хэлний Дархан коллежийг Дархан хотод байгуулж, “CDB”, “Галакси Монгол”, “Плагиоклаз” ХХК-иудад зөвлөх геологчоор ажиллаж байжээ.
Г.Ээнжин нь геотектоникийн чиглэлээр онолын судалгааг, үйлдвэрлэлийн чиглэлээр металлогений судалгааг хийж, шинжлэх ухаан үйлдвэрлэлийг хослуулан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 100 гаруй бүтээл туурьваж, ашигт малтмалын 40 гаруй орд, илрэл олж, шинжлэх ухаанд олон чухал шинэ олдвор илрүүлсэн бөгөөд эх орныхоо эрдэс баялгийн санг аривжуулах, Монгол улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан геологийн салбарын тэргүүлэх геологич, эрдэм судлал, үйлдвэрлэл, сургалтын туршлагатай инженер, багш, ахмад эрдэмтэн байлаа.
Эрдэмтэн геологич Г.Ээнжингийн туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж, хүндлэн дээдэлж, үүрд дурсан санах болно.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ,
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА,
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР