ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ШАТАХУУНЫ ҮНЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн 2 жилийн хугацаанд тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр тасралтгүй өссөөр ирсэн ба 2022 оны хоёрдугаар сард “Брент” маркийн газрын тосны үнэ дунджаар 97 ам.доллар/баррель байсан нь өмнөх сараас 11 ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Улмаар энэ оны 2 дугаар 24-ны өдөр ОХУ Украинд цэрэг, дайны ажиллагаа явуулсантай холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэргээс үүдэлтэй газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, тасалдал үүсэх болгоомжлол зэргээс шалтгаалан 3 дугаар сарын эхний долоо хоногт “Брент” маркын газрын тосны үнэ 128 ам.доллар/баррель хүрсэн.
Хэдийгээр 2022 оны 3 дугаар сарын дунд үеэр зарим нэг хүчин зүйлсийн нөлөөгөөр “Брент” маркын газрын тосны бага зэрэг буурсан боловч АНУ өөрийн ОХУ-аас худалдан авах газрын тосны импортыг хориглосонтой холбоотойгоор дахин өсч 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 120.65 ам.доллар/баррель болоод байна.
“Брент” маркын газрын тосны үнийн хэлбэлзэл,
(2022.02.22-2022.03.21)
Эх сурвалж: www.oilprice.com
ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 2 дугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн 3 дугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн.
Тодруулбал: автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсч, А-80 автобензин 912 ам.доллар/тн, Аи-92 автобензин 942 ам.доллар/тн, Аи-95 автобензин 1012 ам.доллар/тн болсон бол дизель түлшний хил үнэ 96 ам.доллараар өсч, 895 ам.доллар/тн болсон.
Дотоодын зах зээл дээрх шатахууны жижиглэн борлуулалтын үнэ нь импортын үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай байдаг. Бүх төрлийн шатахууны 3 дугаар сарын импортын хил үнээс тооцсон өртөг болон Улаанбаатар хотод борлуулж буй жижиглэн борлуулалтын үнийн /2022.03.18-ны өдрийн байдлаар/ харьцуулалтыг хүснэгтэд харуулав.
№ | Шатахууны төрөл | 2022.02 | 2022.03 | 2022.02 | 2022.03 | 2022.02 | 2022.03 | |
Хил үнэ, ам.доллар*/тн | Өртөг | УБ жижиглэнгийн үнэ | ||||||
1 | А-80 автобензин | 803 | 912 | 2,325 | 2,615 | 2,250 | 2,350 | |
2 | Аи-92 автобензин | 833 | 942 | 2,422 | 2,713 | 2,290 | 2,390 | |
3 | Аи-95 автобензин | 903 | 1012 | 2,694 | 3,094 | 2,870 | 3,070 | |
4 | Дизелийн түлш | 799 | 895 | 2,819 | 3,106 | 2,935 | 3,135 | |
Тайлбар: *Хил үнэ нь ам.доллароор илэрхийлэгддэг бөгөөд төгрөгт шилжүүлэхдээ тухайн сарын Монголбанкны ханшид хөрвүүлэн тооцдог. Ам.долларын ханш 2022 оны 1 дүгээр сард 2,850.26 төгрөг, 2 дугаар сард 2,865.73 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2,910.84 төгрөг болж 2 хувиар өссөн байна.