ИХ БРИТАНИЙН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ЭЛЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински нартай уулзаж, талуудын уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Оюу Толгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай явагдаж, нийт ажилтны 97 хувийг Монгол ажилтнууд эзэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Худалдааны элч Даниел Кавчински уулзалтын эхэнд дурдлаа. Мөн Оюу Толгой төсөл нь Монгол-Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх нөхцөл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
Уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тэмдэглэн хэлсэн. Мөн тэрээр ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн боловсруулж, сонгон шалгаруулалтын цахим системийг нэвтрүүлж буйг дурдав.
Уулзалтын төгсгөлд Лондон Металлын Биржээс туршлага судлах, Их Британийн өндөр технологийг Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцсон юм.