ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НЫ УДИРДАХ ХОРООНЫ 78 ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элссэн. Тус байгууллагын удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал энэ сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны хооронд манай улсад зохион байгуулагдаж байна.
Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Олон Улсын байгууллага юм.
ССОР нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн 16 /Камбож, БНХАУ, Индонез, Япон, БНСУ, ЛАОС, Малайз, Монгол, Мяньмар, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Тайланд, Тимор Лесте болон Вветнам/ гишүүн орнуудын Геологийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Засгийн газар хоорондын геологийн мэргэжлийн байгууллага юм. ССОР-г дэмжин ажилладаг 14 орон (АНУ, Канад, Их Британи, Австрали, Дани, Герман г.м) байдаг.
Монгол Улс нь ССОР-ын гишүүн орон болсноор гишүүн болон хамтрагч орон, хамтрагч байгууллагуудаас геологийн шинжлэх ухааны шинэ ололт, туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа авах, жил бүр зохион байгуулдаг геологийн чиглэлийн сургалтуудад геологичдыг хамруулж, чадавхжуулах, дэлхийн геологийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, геологийн шинэ мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн.
Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны удирдах хорооны ээлжит хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөл (тэр дундаа Монголын геологийн холбоо, Монголын геохимичдын холбоо, Геологич эмэгтэйчүүдийн холбоо), Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Алтайн хар азарга ХХК, Жейд Газ ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ