УУХҮ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлал”-ыг баталлаа
Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлал”-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Журам, аргачлал батлах тухай” 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/135 / А/200 дугаар хамтарсан тушаалаар баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5874 дугаарт бүртгүүлээд байна.
Тус журам, аргачлал батлагдсанаар хар болон өнгөт төмөрлөг, машин үйлдвэрлэл, металл боловсруулах, нүүрс боловсруулах ахуйн химийн ноос ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхны гэх мэт хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,700 орчим үйлдвэр аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа болон шинээр нэвтрүүлэх техник, технологийн хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг бодитойгоор тодорхойлох, үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх болон түүнтэй холбогдох харилцаа нь нээлттэй, ил тод, ойлгомжтой тодорхой болж, шударга өрсөлдөөний зарчмаар явагдах боломж бүрдэх юм.