ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЗАСГИЙН ГАЗАР, УУХҮЯ-ААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:
- 2022 оны 4-р сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг батлуулсан.
- Засгийн газрын 2022 оны 4-р сарын 20-ны өдрийн 160 дугаар тогтоолоор импортлогч аж ахуйн нэгжүүдийн худалдан авах Аи-92 бензинийн урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгуулсан.
- Засгийн газрын 2022 оны 4-р сарын 20-ны өдрийн 161 дугаар тогтоолоор Аи-92 автобензиний гаалийн албан татварыг “0” төгрөг, Дизель түлш онцгой албан татвар “0” төгрөг болгосон.
- УУХҮЯ-аас Роснефть НХН-тэй 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6 сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр 840$/тн үнээр худалдан авахаар тохиролцсон. Харин 7 дугаар сарын эхээр Роснефть компанитай дахин хэлэлцэж 7 сараас 2022 оныг дуустал Аи-92 шатахууныг 830$/тн үнээр, ДТ-ийг сар бүрийн хил үнээс 5 хувийн хөнгөлөлттэй авах тохиролцоонд хүрсэн.
Аи-92 бензиний хувьд:
- Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны 5 сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.
- Уг гэрээгээр Монгол улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Платц (Platts) биржийн өмнөх сарын 1-ээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.
- Уг гэрээний зарчмын дагуу тогтсон Аи-92 бензиний зах зээлийн үнэ нь 2022 оны 4-6 сард тонн тутамдаа 1110-1200$ байсан бөгөөд 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнэ нь 3171-3493₮ болж өсөхөөр байсан.
- Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд 4-6 сард 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390₮ дээр тогтворжуулж, 4-6 сард зах зээлд борлуулагдах үнээс 1 литр тутамд 781-1103₮ буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон.
- Харин 7 дугаар сард тогтсон Аи-92 бензиний зах зээлийн үнэ нь 1285$ болж өмнөх сараас дахин 85$-оор өсөж, 1 литрийн жижиглэнгийн үнэ нь 3730₮ болж өсөх нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдалд Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 4-р сараас тогтоосон 2390₮-ийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 1 литр тутамд 1340₮-ийн хэмнэлттэй худалдан авах боломжийг бий болголоо.
- ОХУ-ын Роснефть компани нь Аи-92 бензиний үнэ дээр 4-6 сард 24.3-30.0%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байсан бол 7 сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн дээр үзүүлж байгаа энэхүү хөнгөлөлт нь Энэтхэг, БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдэд нийлүүлж буй түүхий тосон дээр үзүүлж буй хөнгөлөлтөөс эдийн засаг талаасаа илүү бодит үр дүнтэй юм.
- Энэ хугацаанд импортлогч компаниудад ямар нэгэн татаас олгоогүй болно.
- Дэлхийн зах зээл дээр 2022 он гарсанаас хойш Аи-92 бензинийн хувьд хил үнэ тонн нь 747-оос 1285$ болж 72% өссөн бол Монгол Улсын хувьд жижиглэнгийн үнэ 6%-ийн өсөлттэй байна.
Дизель түлшний хувьд:
- Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны 5 сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.
- Уг гэрээгээр Монгол улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Платц (Platts) биржийн өмнөх сарын 1-ээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.
- Дизель түлшний үнэ нь 2018 оноос зах зээлийн зарчмаар зохицуулагдаж ирсэн.
- Оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ 705$ байсан бол 7 дугаар сард 1295$ болж 83.7% өссөн бол дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840₮-өөс 4030₮ болж 41.9% өсөлттэй буюу 2 дахин бага өсөлттэй байна.
- Энэ нь Засгийн газраас үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээний хүрээнд дизель түлшний онцгой албан татварыг “0” төгрөг болгосон болон бусад үе шаттай хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн юм.
- Нийт дизель түлшний импортын 70%-ийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам барилгын компаниуд хэрэглэдэг бол Аи-92 бензиний үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг.
- ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийх явцад дизель түлшний үнийг бууруулах талаар саналыг тавьсан боловч ОХУ-ын дотоодын хэрэглээ эрс өссөн тул аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож байна. Иймд үнийг бууруулах боломжгүй харин он дуустал 5 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр анхааръя гэсэн хариу ирүүлээд байна.