УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сургалтад УУХҮЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Төрийн албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх болон төрийн албан хаагчийн цогц чадамжийг илрүүлэх, үнэлэх, хөгжүүлэх арга зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилго бүхий уг сургалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж үг хэлсэн. Тэрээр, төрийн албаны ажилтнууд мэдлэг чадвар, туршлагатай байхаас гадна ёс суртахуунтай байх нь хамгийн чухал шалгуур болж буйг сануулсан юм.
Сургалтаар, стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага, хэвшмэл ойлголт ба шийдвэр гаргалт, зан үйлийн ухаан ба төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны үнэт зүйл ба ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн албаны ёс зүйн менежмент зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг явагдлаа.