УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ЭЛЧИН САЙД СЭБАСТИЕН СҮРҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Сэбастиен Сүрүн Монгол, Франц хоёр орны уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, Монгол Улстай цаашид газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойг илэрхийлэв.
Сайд Ж.Ганбаатар Монгол Улс геологийн тогтоцын хувьд хэтийн төлөв өндөртэй бөгөөд газрын ховор элементийн хайгуулын чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.
Мөн хөрөнгө оруулагчдын хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, хуулийн ойлгомжгүй байдал зэрэг хүндрэл бэрхшээлүүд тулгардгийг дурдаад цаашид эдгээр саад бэрхшээлүүдийг арилгах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад салбар яамны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн хайгуулын зөвшөөрөл олголтын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгааг дурдаад Францын хөрөнгө оруулагчдад энэ талаар мэдээлэл хүргэхийг Элчин сайдаас хүслээ.