ЭМГЭНЭЛ
Пүрэвийн Дугараа (1943-2022)
Геологи-эрдэс судлалын ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Сүхбаатарын одонт Пүрэвийн Дугараа нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж геологи, геофизикийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Профессор Пүрэвийн Дугараа 1943 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1962 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1968 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуулийг геологич-геофизикч мэргэжлээр төгсөн ГУУЯ-наас ажлын гараагаа эхэлж байсан бол МУИС, ПТДС, ТИС, ШУТИС-д багш, ахлах багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгч, Геофизик сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн эрхлэгч, тэргүүлэх профессор, зөвлөх профессороор боловсролын салбарт тасралтгүй 54 жил ажиллаж иржээ. Тэрээр 1984 онд Эрхүүгийн политехникийн дээд сургуульд “Геологи, эрдэс судлалын ухаан”-аар докторын зэрэг (Ph.D) хамгаалсан юм.
ШУТИС -д “Ашигт Малтмалын Эрэл Хайгуулын Геофизик” мэргэжлээр “Тусгай, ганцаарчилсан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөө” боловсруулж, сургалт, үйлдвэрлэл, судалгааны ажлыг явуулж, үе шаттайгаар хэрэгжүүлснээр зах зээлийн төвөгтэй нөхцөлд ч Монгол Улсад “Үндэсний Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизикч” мэргэжлийн үндэс суурийг тавьсан. Өдгөө түүний бэлтгэн гаргасан 260 гаруй Үндэсний Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизикч мэргэжилтэн шавь нар нь Монгол улсад төдийгүй хөрш зэргэлдээ орнууд болон Ази, Африкийн нутаг дэвсгэрийн геологи, ашигт малтмалын геофизикийн хайгуул, судалгаа хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай олон компаниудад сургалт, үйлдвэрлэлд манлайлан ажиллаж байна.
Профессор П.Дугараа мэргэжлийн 10 гаруй сурах бичиг, нэг сэдэвт зохиол 3-ыг туурвиж, 110 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын ба улсын хэмжээний 30 гаруй хуралд илтгэл хэлэлцүүлж, гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлэн нийтлүүлж, Геологи-эрдэс судлалын ухаанаар 5 доктор (Ph.D), 15 магистрын ажлыг удирдаж, сургалт-үйлдвэрлэл-эрдэм шинжилгээг хослуулсан манай шилдэг сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нарын нэг билээ.
Профессор П.Дугараагийн хийж бүтээсэн нөр их хөдөлмөрийг үнэлж, Тэргүүний геологич, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, “Сүхбаатарын одон”, Багшийн гавьяа, Алтан хүн зэрэг төрийн дээд одон медаль, шагналуудаар шагнасан байна.
Профессор Дугараа нь Монгол улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан геологи-геофизикийн салбарын эрдэмтэн, профессор, сурган хүмүүжүүлэгч байлаа. Түүний туршлага, цуцашгүй их хөдөлмөрч зан чанар, сурган хүмүүжүүлэх авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүрийг үеийн үед дурсан санаж, хүндлэн дээдэлж, үүрд дурсан санах болно.