ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжпэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэх, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, дагалдах жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ач холбогдолтой.