ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН ТӨГСӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон яамны төлөөлөл өнөөдөр /2023.02.08/ геологи, уул уурхай, газрын тосны салбарт амжилттай суралцаж, бакалавр, магистрын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг хүлээн авч уулзан сурлага хөдөлмөрөөрөө манлайлсан төгсөгчдөд баяр хүргэж, талархал гардуулсан юм.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх ирээдүйн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх зорилтыг тусгасан.
Энэ зорилтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын нарийн мэргэжлийг эзэмшсэн шинэхэн төгсөгчдөд зориулан төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалтыг зохион байгуулж, амжилттай төгсөгчдийг төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэх юм.
Сайд Ж.Ганбаатар төгсөгчдөд хандан, салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд идэвх зүтгэлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсээд ажил, мэргэжлийн гараагаа эхлэх гэж буй салбарын дараагийн зууны түүхийг бичилцэх мэргэжилтнүүдийг яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.