МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН, УУЛ УУРХАЙН ОРЛОГЧ САЙД АСАН Д.РЭНЧИНХАНДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн өнөөдөр /2023.06.23/ тус яамны албан хаагчдын хамтаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Уул уурхайн орлогч сайд асан Д.Рэнчинхандад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
Дугарын Рэнчинханд нь 1941 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1961 онд 10 жилийн дунд сургууль, 1966 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. 1966-1973 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхай, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд хэсгийн инженер, ерөнхий инженер, уурхайн дарга, 1973-1976 онд ТЭХҮГЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга, 1976-1990 онд ГУУҮЯ, ЭХУУҮГЯ, Хүнд үйлдвэрийн яаманд уул уурхайн асуудал эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байсан.
Энэ хугацаанд Монгол Зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет, Эрдэнэт, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Монголчехословакметалл, Монголболгарметалл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, Төмөртийн овоо зэрэг томоохон уурхай, уулын үйлдвэрүүд ашиглалтад орж, тэдгээрийг даган Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Бэрх, Бугант, Зүлэгтэй, Хайлааст зэрэг хот, тосгодууд бий болсон түүхтэй. Тухайн үеийн ЗХУ, Эдийн засгийн талаар харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудтай хамтарсан үйлдвэр байгуулах замаар тус салбарыг түргэн хурдацтай хөгжүүлэх бодлогыг барьж, эрдсийн түүхий эдийг гүн боловсруулах, материал, техник хангамж, боловсон хүчний зохих бааз суурьтай болох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тухайлбал, “Зууны манлай үйлдвэр” болох Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийг байгуулах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрээс эхлэн тус үйлдвэрийг барьж байгуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажилд биечлэн оролцож, 1989 онд үйлдвэрийн V ээлжийг ашиглалтад оруулах, Монголын талын захирлыг томилох хүртэлх хугацааны бүхий л ажлыг удирдан зохион байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан юм.
Д.Рэнчинханд нь уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллахдаа 20-иод жилийг хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд, үүнээс 16 жилийг Зөвлөлийн Монголын хэсгийг тэргүүлж байсан нь түүний ажлын туршлага, арга барил, хэлний мэдлэг, мэргэжлийн болон удирдан зохион байгуулах авьяас чадвар ямар түвшинд байсныг илтгэн харуулж байна.
Тэрээр ажиллахын зэрэгцээ цана болон үндэсний сурын спортоор тууштай хичээллэж, хот, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон “Спортын мастер” болж байв. Мөн 1980 оноос Монголын үндэсний сурын холбооны дэд тэргүүнээр 20 гаруй жил ажиллаж, Үндэсний сурын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, “Монгол Улсын хүндэт мэргэн” цол хүртээжээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж урамшуулсан юм.