ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАВ
Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
Уулзалтыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нээж, яамны жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулга мэдээлэл өгөв.
Тус уулзалтад Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, ажлын албаныхан болон судлаач, шинжээчид оролцож, бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал бодлоо солилцсон юм. Мөн салбар дундын бодлого, зохицуулалтын хүрээнд мэдээлэл солилцож, сонирхсон асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
УУХҮЯ нь геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын эхний үе шат дууссантай холбогдуулан, түүний хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээг Канадын Мерит төслийн санхүүжилтээр олон улсын IRIM судалгааны байгууллагаар хийлгэж тайланг хүлээн аваад байна.