ЭМГЭНЭЛ
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, инженер Нигмэдийн ДАНИЭЛЬ
(1934-2024)
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, уул уурхайн салбарын шилдэг инженер, Тэргүүний уурхайчин Нигмэдийн Даниэль нь 2024 оны нэгдүгээр сарын 7-нд өвчний улмаас таалал төгсөж, Монголын уул уурхайн салбарт хүнд гарз тохиолоо.
Нигмэдийн Даниэль нь 1934 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт төрсөн. 1957 онд Нийслэлийн 2-р арван жилийн сургууль, 1963 онд Москва хотын Алт ба өнгөт металлын дээд сургуулийг уулын баяжуулах инженер мэргэжлээр төгссөн.
Ажлын гараагаа Төв аймгийн Их хайрхны Гянт болдын гүнийн уурхайд фабрикийн инженер, даргаар эхэлж, 1967-1974 онд Түлш–Эрчим хүч, Геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд уул уурхайн хөгжлийн бодлогын асуудлыг хариуцан ажиллахдаа Сэлэнгэ аймгийн Толгойтын алтны үйлдвэр, Хажуу-Улаан, Хар айргийн уурхайнуудыг шинээр барьж байгуулах, Бороо, Наран толгойн алт мөнгөний орд, Эрдэнэтийн орд газрыг ашиглах техник эдийн засгийн тооцоо судалгааг хийж, “Монголросцветмет” нэгдлийг байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой томоохон асуудлуудыг шийдвэрлэн зохицуулах, удирдан зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.
Нигмэдийн Даниэль нь Хэнтий аймгийн Бэрхийн хорооны захиргаа ба Бэрх хотын засаг даргын ажлыг Хайлуур жоншны уурхайн даргын албан тушаалтай хамт 13 жил үр бүтээлтэй ажилласан ба энэ хугацаанд Бэрхийн уурхайн өргөтгөл шинэчлэлтэй зэрэгцүүлэн ажиллагсдад зориулж орон сууц, соёл үйлчилгээ, ахуй хангамжийн бүхэл бүтэн хорооллыг шинээр байгуулсны үр дүнд 2000 гаруй хүнтэй байсан хуучин хороо 5000 гаруй хүнтэй орчин үеийн соёлтой шинэ Бэрх хот болж хүрээгээ тэлсэн билээ.
Тэрээр 1963-2003 онд Монголын уул уурхайн салбарт үйлдвэр, уурхайн дарга, инженерийн албыг нэр төртэй хашиж байсан ба 1997 оноос Монголросцветмет нэгдлийн дэргэдэх “Байгаль” туслах аж ахуйн даргаар ажиллаж байгаад 2003 онд өндөр настны тэтгэвэрт гарсан.
Нигмэдийн Даниэль нь Хэнтий аймгийн Ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож, Бэрхийн хорооны болон аймгийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулжээ. Түүний уул уурхайн салбарт 40 жил үр бүтээлтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, улс нийгмийн хөгжилд жинтэй хувь оруулсныг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медалиудаар болон 2013 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн юм.
Монгол Улсын уул уурхайн салбарын төлөө хийсэн эрхэм хүндтэй үйл хэрэг, хөдөлмөрч, хүнлэг зан чанар, эгэл даруу, гэгээн дүр төрх тань бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Ум сайн амгалан болтугай.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ