УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ОХУ-Д БЭЛТГЭНЭ
Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 9 дүгээр сард байгуулсан.
Энэ хүрээнд Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид дараах мэргэжлүүдээр суралцахаар 9 оюутан шалгарлаа.
Үүнд:
• Металлургич
• Технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/
• Материалын шинжлэх ухаан, материалын технологи
• Хөдөлмөр хамгаалалт, байгаль орчны аюулгүй ажиллагаа
ОХУ-ын РУСАЛ компани нь сар бүрийн тэтгэлэг, оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ирж очих зардлыг хариуцахаас гадна өвлийн хувцас олгох юм.
Тэтгэлэгт шалгарсан 9 оюутантай УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат уулзан амжилт хүсэж, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Красноярск хотыг зорих гэж буй оюутнуудад онгоцны тийзийг гардуулан өглөө.