АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнууд, Оюутолгой ХХК-ийн талаас Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер, Оюутолгой ХХК-ийн Засгийн газрын харилцаа хариуцсан төлөөлөгч Б.Алтангэрэл, Оюутолгой ХХК-ийн Гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцож Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Оюутолгой ХХК-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар томилогдсон Цэвэгдоржийн Туваанд баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр уулзалтын эхэнд шинээр томилогдсон сайдын ажлын туршлага энэ салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваан Оюутолгой бол дэлхийн хэмжээний орд газар гэдгийг дурдаж Монгол Улсын болон олон улсын хууль, дүрэм журмын хүрээнд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр, Уул уурхайн баялаг бол хязгаарлагдмал нөөц учир нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тул яамныхаа нэрд “Аж үйлдвэр” гэх нэр томьёог тусгасан талаар уулзалтын үеэр онцлов. Оюутолгойн гэрээнд дурдагдсан байгаа ойрын хугацааны төлөвлөгөө, стратегийн шийдвэрүүд, бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай бүрэн танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцохоо сайдын зүгээс илэрхийлэв. Түүнчлэн цаашид эрчим хүчний хангамжтай холбоотой асуудлаар ярилцах нь цаг үеийн хувьд ач холбогдолтой хэмээв.
Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газраас ашиг, орлогын өндөр хүлээлттэй байгаа. Оюутолгой ХХК-ийн үйлдвэрийн зардал өсөх тутам монголын талд үлдэх ашиг багасах тул талууд харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллахыг онцлон дурдав.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, 2025 он гэхэд гүний уурхайн төслийг дуусгах бөгөөд ингэснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно гэв. Мөн аж үйлдвэржилтийн чиглэлээр олон судалгааны ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд уусган баяжуулах болон хайлуулах үйлдвэрийн талаар хийж буй судалгаагаа танилцуулахаа онцлон цаашид Оюутолгойн төслийн ажлыг илүү түргэн шуурхай явуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна хэмээв.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ