Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд геологийн салбарт цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын үйлдвэрлэлийн геологийн төлөөллийн зүгээс байр сууриа илэрхийлж, санал солилцов.
Салбарын сайд Ц.Туваан Уул уурхайн салбарт анхдагч нь геологийн салбар гэдгийг онцлон тэмдэглээд, 2024-2028 оны Засгийн газар геологийн судалгаа, хайгуулын ажил, олборлолт, боловсруулалт дээр онцгой анхаарч аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг аж үйлдвэр рүү чиглүүлэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, зах зээлд нийлүүлэн ажиллахыг эн тэргүүний зорилтоо болгож буйг онцлов. Тиймд геологийн салбарыг эн тэргүүнд эрэмбэлж, бодлогын уялдаа холбоог хангаж, тус салбарыг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн геологийн салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэн гаргах, залгамж халааг алдагдуулахгүй байх тал дээр онгой анхаарч ажиллахаа дурдав.
Геологийн салбарын төлөөллүүдийн зүгээс геологийн судалгаа, хайгуулыг эрчимжүүлснээр цоо шинэ хөгжлийн гарцыг бий болгох боломжтой болно гэдгийг тэмдэглэн, цаашид бодлогын түвшинд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам