Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг нээж үг хэллээ
Энэхүү зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, хамтран ажиллагчаар “Planet Gold” Монгол төсөл ажиллаж байгаа бөгөөд бичил уурхай эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр зохион байгуулагдаж буй юм.
Тус зөвлөгөөнийг нээж салбарын сайд Ц.Туваан үг хэлэхдээ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч яамд, агентлагийн төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, бичил уурхай эрхлэгчид, холбогдох талуудын төлөөлөлд зөвлөгөөний үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлэн, хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс гарах зөвлөмж болон хууль эрх зүйн орчны шинэчлэлд үнэтэй саналаа өгч, хамтран ажиллахыг хүсэв.
Тэрбээр, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэн байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцогч талуудын санал бодлыг сонсох, тулгарч буй бэрхшээл, гарц шийдлийн талаар хамтран хэлэлцэж, зөвлөлдөхөөр өнөөдөр энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэв.
Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орон нутагт ажлын байр бий болгох, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар ашигт малтмалыг олборлох, эвдэрсэн газрыг эзэнжүүлэх зорилгоор хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийг зохион байгуулалтад оруулан албажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага 2000-аад оны эхэн үеэс оноос үүссэн байдаг бөгөөд бичил уурхай эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход үүсэж буй байгаль орчны сөрөг нөлөөлөл болоод олборлогчдын аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой олон олон асуудлуудыг хамтаараа хэлэлцэх шаардлага тулгарч буйг салбарын сайд Ц.Туваан онцлов.
Түүнчлэн цаашид салбарын яамны зүгээс уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудлыг оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулах замаар шийдвэрлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам