Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш БНХАУ-ын “Power China” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш, Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж нар товч танилцуулав.
“Power China” компани нь БНХАУ-ын топ 500 компанийн нэг, уул уурхай, барилга, зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улстай уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, хөрс хуулалт, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буй талаар илэрхийлэв.
Сайдын зөвлөх Л.Чой-Иш Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал нүүрс, зэс, төмөр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бөгөөд хөрөнгө оруулагчдад биржийн худалдаанд оролцох эрх нь нээлттэй гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газраас зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр барих төслүүдэд онцгой ач холбогдол өгч, эдгээр мега төслүүдийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр байгуулахыг зорин ажиллаж байгаагаа тэмдэглэв.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам