АҮЭБЯ-ны ТНБД С.Жавхланбаатар Итали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пикарэтта нарыг хүлээн авч уулзав
Уулзалтын эхэнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Итали Улс нь Европын Холбооны гишүүн, Монгол Улсын гурав дахь хөрш бөгөөд тус улстай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад салбар яамны зүгээс бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аж үйлдвэр, эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр тусгагдсан томоохон төслүүд тухайлбал, нүүрс, химийн үйлдвэр, зэс, гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, ураны төсөл болон эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, ашигт малтмалын нөөцийн талаар товч мэдээлэв.
Никола Карэ Итали Улсын Леонардо компани Монгол Улсын Үндэсний геологийн албаны удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсоныг дурдаад, Монгол Улстай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хиймэл дагуулын тусламжтайгаар агаараас геологийн хайгуул болон орд газруудад хяналт тавих, хүний нөөцийг бэхжүүлэх, компани хооронд холбоо тогтоож хамтран ажиллах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам